Техник технологи хөгжсөн өнөө үед хүний хувийн мэдээллийг нууцалж, хамгаалж чадаагүйн улмаас залилангийн гэмт хэргийн хохирогч болсон, нууц мэдээлэл нь цахим орчинд тархсан, нууц мэдээллийг далимдуулан сүрдүүлсэн зэрэг олон асуудлууд үүссэнтэй холбоотойгоор хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг 2022 оны 05-р сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хамгаалсан.
Хүний хувийн мэдээлэл гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг ойлгоно.[2]
Зарим аппликейшн, вебсайтад нэвтэрч бүртгүүлэхийн өмнө хувийн мэдээлэл, гэрийн хаяг, утасны дугаар, картын дугаар зэрэг мэдээллүүдийг зөвхөн эзний зөвшөөрлөөр, мэдээллийн эзний амь нас, бие махбод, эрх, эрх чөлөө, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх, хүнийг тодорхойлох боломжгүй болгож түүх, эрдэм шинжилгээ, урлаг, утга зохиолын бүтээл туурвих, статистикийн мэдээлэл бэлтгэх эсхүл хуульд заасан үндэслэлээр мэдээлэл хариуцагч нь мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахаар хуульчилсан байна. [3]
Иймд мэдээлэл хариуцагч нь аюулгүй байдлыг хангах дотоод журам баталж, мөрдүүлэх, мэдээлэл алдагдсан үед авах арга хэмжээ, мэдээллийн эзэн болон төрийн байгууллагад мэдээлэл хүргэх төлөвлөгөөг батлах, хэрэглэгдэх мэдээллийн системийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангах бүхий л арга хэмжээг авах, мэдээлэл ашиглахыг хязгаарлах, мэдээллийг устгах, мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй болгох талаар журам, зааварчилгаа баталж, мөрдөх, мэдээлэл боловсруулах үйл ажиллагааны аюулгүй байдлыг хангах зэрэг мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй. [4]
Мэдээлэл хариуцагчийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох гомдлыг эрх бүхий байгууллагад, эсхүл Хүний эрхийн Үндэсний Комисст гаргаж шийдвэрлүүлнэ. Дээрх байгууллагуудын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргана. [5] Мэдээлэл хариуцагч нь хүний хувийн мэдээллийг өөр зорилгоор ашигласан, хууль бусаар олж авсан зэрэг зөрчил илэрвэл Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ. [6] [7] Харин хувь хүний нууцад хууль бусаар халдсан, хувь хүний нууцыг задруулсан бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ. [8] [9]
Дүгнээд хэлэхэд мэдээллийн эзэн та Цахим орчинд хувийн мэдээллээ өгөхөөс өмнө платформын үйлчилгээний нөхцөл болон нууцлалын бодлоготой сайтар танилцаж бүрэн гүйцэд уншсаны дараа гарын үсэг зурах эсвэл зөвшөөрөх товчийг дарахыг зөвлөе.
Эх сурвалж:
[1] Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13
[2] Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.
[3] Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1
[4] Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.
[5] Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 28 дугаар зүйл
[6] Зөрчлийн тухай хуулийн 6.27 дугаар зүйлийн 1
[7] Зөрчлийн тухай хуулийн 6.27 дугаар зүйлийн 3
[8] Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.10
[9] Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.11
Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээлэл, нийтлэлийг зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг мэргэжлийн өмгөөлөгчөөс авна уу.