top of page
Writer's pictureБ. Ардах

Цахим орчин дахь гэмт хэрэг


Мэдээлэл, харилцаа холбооны технологи маш хурдацтай хөгжиж буй өнөө үед цахим гэмт хэргийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр. Тухайлбал фейсбүүк, телеграм зэрэг цахим хаягийг ашиглаж бусдын цахим хаягт нэвтрэх, ашиглах, цахим хаягийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, хувь хүний нууцад халдах, интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг зэрэг мэдээллийг хууль бусаар олж авах болон цахим залилан зэрэг гэмт хэргүүд гарсаар байна.


Манай Улсад кибер /цахим/ орчинд дахь мэдээллийн бүрэн бүтэн, хүртээмжтэй, нууцлалыг хангахтай холбоотой харилцааг Кибер аюулгүй байдлын тухай хуулиар зохицуулж байгаа бөгөөд тус хуулиар кибер зөрчлийн талаар эрх бүхий байгууллагад мэдэгдэх, зөрчлийн шалтгааныг тогтоох, уг зөрчил гарахаас сэргийлэх зэрэг арга хэмжээнүүдийг зохицуулсан. [1] Жишээлбэл:


1.     Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх үндэсний төв байгууллага нь улсын хэмжээнд болон онц чухал мэдээллийн дэд бүтэцтэй төрийн өмчит хуулийн этгээд болон төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбогдсон байгууллагын мэдээллийг, [2]

2.     Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв нь үндэсний төвийн чиг үүргээс бусад иргэн, хуулийн этгээдийн мэдээллийг, [3]

3.     Зэвсэгт хүчний кибер командлал нь батлан хамгаалах салбарын мэдээлэл, гадны кибер халдлага, зөрчлөөс сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хариу арга хэмжээ авах, кибер халдлага, зөрчилд өртсөн мэдээллийн системийг нөхөн сэргээх зэрэг үйл ажиллагааг хариуцдаг. [4]


Түүнчлэн, Эрүүгийн хуульд цахим гэмт хэргийн хариуцлагыг дараах байдлаар  зохицуулсан. Тухайлбал:


1.     Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бус аргаар авсан бол 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ялтай байна. [5]

2.     Цахим хэрэгсэл ашиглаж бусдыг залилсан бол 450,000 төгрөгөөс 14,000,000 төгрөг хүртэлх торгох, 240 цагаас 720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ялтай байна. [6]

3.     Цахим хэрэгсэл ашиглаж хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, бусдад дамжуулсан бол 5,400,000 төгрөгөөс 27,000,000 төгрөг хүртэл торгох, 1 жилээс 5 жил хүртэл хугацаанд зорчих эрхийг хязгаарлах эсвэл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. [7]


Иймд өөрийн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, цахим хаяг зэрэг хувийн мэдээллийг бусдад өгөхгүй байх нь таныг цахим гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлнэ.



Эх сурвалж:

[1] Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг

[2] Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг

[3] Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг

[4] Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг

[5] Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэг

[6] Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 17.3.1 дэх хэсэг

[7] Эрүүгийн хуулийн 13.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг

 


 

Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээлэл, нийтлэлийг зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг мэргэжлийн өмгөөлөгчөөс авна уу.

 

 

 

 

 

 

 

bottom of page