top of page
Writer's pictureА. Лигдэн

Цахим гарын үсэг: Дижитал эрин үеийн эрх зүйн шинэ хувьсгал


Монгол Улсын Цахим гарын үсгийн тухай хуулийг 2021 шинэчлэн найруулсан бөгөөд цахим хэлбэрээр хийсэн гэрээ, баримт бичгүүдийг баталгаажуулж, аюулгүй байдлыг хангах, олон улсын стандартад нийцүүлэх, цахим үйл ажиллагааг хөнгөвчлөх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлсэн байна.


Энэхүү хуулийн зорилго нь цахим орчинд хүн болон хуулийн этгээд цахим гарын үсэг хэрэглэхтэй холбоотой хууль эрх зүйн болон техникийн шаардлагыг тогтоож, бүрдүүлэх явдал юм.[1]


Цахим гарын үсэг нь зөвшөөрөгдсөн системийн тусламжтайгаар үүсгэсэн, илгээсэн, хадгалсан цахим мэдээлэлд хэрэглэгдэх ба гол зорилго нь гар бичмэл гарын үсэг бүхий уламжлалт цаасан баримт бичигтэй дүйцүүлж, тоон гарын үсгийн эрх зүйн байдлыг хангахад оршдог.[2]


Хуульд заасан тодорхой шаардлага хангасан цахим гарын үсгийг “тоон гарын үсэг” гэдэг. Тоон гарын үсэг нь энгийн гарын үсэгтэй адил ашиглагдах ба гарын үсэг, тамга тэмдгийг орлох цахим баримт бичиг юм. Улсын бүртгэлийн ерөнхий газраас 16 нас хүрсэн иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг олгож, эзэмшигч нь тоон гарын үсэг хэрэглэх эрхтэй.[3] Тоон гарын үсэг нь бичмэл гарын үсэгтэй адил хүчинтэй байна. [4]

Харин цахим тамга гэдэг нь мэргэшсэн цахим лацны гэрчилгээ хэлбэрээр итгэмжлэгдсэн үйлчилгээ бөгөөд хуулийн этгээдүүд баримт бичгийг цахим хэлбэрээр гаргах боломжийг олгоно.[5] Хуулийн этгээдэд олгох тоон гарын үсэг нь цахим тамга хэлбэртэй байх тул тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд цахим тамга ашиглаж болно.[6]


Та цахим гарын үсгийн ажиллуулах гарын авлагыг улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудаснаас олж болно. Монгол Улсын иргэн улсын бүртгэлийн байгууллагад хандаж тоон гарын үсэг авч болохоор байна.


Эх сурвалж:

[1] Цахим гарын үсгийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг

[2] Цахим гарын үсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дахь хэсэг

[3] Цахим гарын үсгийн тухай хуулийн гуравдугаар бүлэг

[4] Цахим гарын үсгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3

[5] Цахим гарын үсгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дахь хэсэг

[6] Цахим гарын үсгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг



 

Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээлэл, нийтлэлийг зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг мэргэжлийн өмгөөлөгчөөс авна уу.

 

 

 

 

 

 

 

bottom of page