top of page
Writer's pictureБ. Байгаль

Хэвлэл мэдээллийн эрх чөлөө ба түүний цар хүрээ




Энэ удаагийн мэдээллээр Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн зохицуулалт болон зарим заалтын тайлбар, үр дагаврын талаар танилцуулахаар бэлтгэлээ.  

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль нь 1998 онд батлагдсан ба нийт дөрвөн зүйлтэй. Хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулахад оршдог.

Тус хуулиар Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглодог. [1] Мөн төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй гэж тус тус заажээ. [2]

Гэвч дээрх заалтууд нь хэвлэл мэдээллийн байгууллагууд аливаа хязгаарлалтгүйгээр хүссэн мэдээллээ нийтэд түгээдэг гэсэн үг биш юм. Учир нь ийнхүү мэдээлэл түгээсэн этгээд нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээх шаардлагатай болдог. Энэ нь Иргэний болон Эрүүгийн хуульд зааснаар хэрэгждэг.

Тухайлбал, Иргэний хуульд зааснаар иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ. [3] Мөн бодит баримтыг бүрэн гүйцэт мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол няцаах үүрэг хүлээдэг. [4]

“Нэр төр” гэдэгт тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшний талаар өгч буй үнэлэмжийг ойлгоно. Харин “алдар хүнд” гэдэгт бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурласан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг ойлгодог. [5]

Мөн Эрүүгийн хуульд хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээл тараасан бол хүлээх ял шийтгэлийн хариуцлагыг зохицуулсан байдаг. Энэ тохиолдолд буруутай этгээдийг 450,000-1,300,000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан.[6]

Дээрхээс үзвэл Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавихгүй, хязгаарлахгүй байх зарчмыг баталгаажуулж өгсөн. Харин мэдээлэл тараасан этгээд хэн нэгний нэр төрийг гутаахгүй байх, баримттай мэдээлж байх шаардлагын хүрээнд энэхүү эрх чөлөөгөө эдлэх талаар бусад хуулиар зохицуулсан байна.



Эх сурвалж:

1.      Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 2-р зүйл

2.      Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3-р зүйлийн 3.1 дэх хэсэг

3.      Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг

4.      Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэг

5.      Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар: Шинжлэх ухааны тайлбар, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийн тайлбар

6.      Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг

 

Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээлэл, нийтлэлийг зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг мэргэжлийн өмгөөлөгчөөс авна уу.

 

 

 

 

 

 

 

bottom of page