top of page
Writer's pictureТ. Түвшинжаргал

Хууль ёсны өвлөгч бa гэрээслэлээр өвлөгч


Өвийн харилцаа нь өргөн хүрээний олон талт харилцаа байдаг. Үүний нэг нь нас барсан этгээдийн эд хөрөнгө, эрхийг хэн өвлөн авах, хамгаалах, эд хөрөнгийг нь захиран зарцуулах болон өр зээл, түүний хүлээх үүргийг хэн гүйцэтгэх гэх зэрэг асуудал билээ. Өвийг хуульд зааснаар болон гэрээслэлээр өвлөж болно. Хуульд заасан өв залгамжлалыг гагцхүү өвлүүлэгч нь гэрээслэлээр өөрчлөх эрхтэй. Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвлөгдвөл зохих эд хөрөнгийг эзэнгүй эд хөрөнгө гэж үзэн төрийн өмчлөлд шилжүүлэн авдаг.


Дарааах этгээдүүдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь өвөгдвөл зохих хөрөнгийг тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй. Үүнд: [1]

-       нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх;

-       нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ;

-       өвлүүлэгчийн ачинцар, зээнцэр нь эцэг, эхдээ хуульд зааснаар өвлөгдвөл зохих байсан эд хөрөнгийн хэсгийг хуваан өвлөнө

-       Дээрхээс гадна өвлүүлэгч нас барахаас өмнө 1-ээс доошгүй жилийн хугацаанд түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй иргэн хууль ёсны өвлөгчид тооцогдох бөгөөд өөр өвлөгч байвал энэхүү асрамжинд байсан этгээд нь тэдгээртэй адил хэмжээгээр өвлөнө.


Харин гэрээслэлээр бүх эд хөрөнгөө хууль ёсны өмчлөгч бус этгээдэд гэрээслэх тохиолдолд өвлүүлэгчийн насанд хүрээгүй буюу хөдөлмөрийн чадваргүй, түүнчлэн түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй нөхөр /эхнэр/, төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, хууль ёсны бусад өвлөгчдөд хуульд зааснаар өвлүүлбэл зохих хөрөнгийн 2-ны 1-ээс багагүй хэсгийг заавал өвлүүлнэ. Ийнхүү заавал өвлүүлэх хэсгийн хэмжээг тодорхойлохдоо хуваарьт болон дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн өвлүүлэгчид оногдох хэсгийг оролцуулан тооцдог байна. [2] 

Гэрээслэлийн хэлбэрийн хувьд бичгээр хийж, үйлдсэн газар, он, сар, өдрийг зааж, нотариатаар гэрчлүүлнэ. Хэрэв гэрээслэл хийсэн газар нотариат байхгүй бол баг, сумын Засаг даргаар гэрчлүүлнэ. 

Гэрээслэгч нь гэрээслэлээ өөрчлөх буюу цуцлах эрхтэй бөгөөд шинэ гэрээслэл хийсэн эсхүл өмнөх гэрээслэлийг цуцалсан эсхүл өөрчилсөн тухай баримт бичиг гаргаснаар гэрээслэл өөрчлөгдсөн, эсхүл цуцлагдсанд тооцогдоно. Ийнхүү шинээр хийсэн гэрээслэл болон гэрээслэлээ цуцалсан тухай баримт бичгийг бичгээр хийж, үйлдсэн газар, он, сар, өдрийг зааж, нотариатаар, гэрээслэл хийсэн газар нотариат байхгүй бол баг, сумын Засаг даргаар гэрчлүүлснээр гэрээслэл нь хүчин төгөлдөр болно. [4]


Хууль ёсны болон гэрээслэлээр өвлөгч буюу өв хүлээн авагч нь өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэн үеэс буюу өвлүүлэгч нас барснаас хойш 1 жилийн дараа өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг гаргах бөгөөд тус хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариатад гаргана. Хэрэв нотариат байхгүй бол баг, сумын засаг даргад хүсэлтээ гаргаж өвлөх эрхийн гэрилгээг авна. [5]

Улмаар өвлөгдсөн эд хөрөнгийг хууль ёсны болон гэрээслэлээр өвлөгчид бүгд харилцан зөвшилцөж, эвийн журмаар шийдвэрлэж өвлөгч нарт оногдвол зохих хэмжээгээр хуваарилна. Хэрэв эд хөрөнгө хуваарилах асуудал дээр зөвшилцөлд хүрч чадахгүй бол тухайн маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүсдэг. Мөн өвлүүлэгчийг амьд ахуй цагт олдсон буюу хараахан төрөөгүй байгаа өвлөгч байгаа бол тухайн төрөөгүй хүүхдэд оногдох хэсгийг тусгаарлан гаргах байдлаар шийдвэлэхээр хуулиар зохицуулжээ. Ийнхүү хуваарилахдаа төрөөгүй өвлөгчийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор асран хамгаалах байгууллагын төлөөллийг оролцуулан шийдвэрлэдэг байна. [6]


Эх сурвалж:

[1] Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1;

[2] Иргэний хуулийн 522 дугаар зүйлийн 522.3;

[4] Иргэний хуулийн 525 дугаар зүйлийн 525.1, 525.2;

[5] Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1, 531.2;

[6] Иргэний хуулийн 532 дугаар зүйл.

 

Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээлэл, нийтлэлийг зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг мэргэжлийн өмгөөлөгчөөс авна уу.

 

 

 

 

 

 

 

bottom of page