2024 онд тэгш ойтой аймаг, сумдын наадам зохион байгуулагдаж буйтай холбогдуулан хурдан морины уралдаан ба уралдаанч хүүхдүүдийн эрх зүйн хамгааллын талаар танилцуулахаар бэлтгэлээ.
Монгол Улсын хувьд уралдаанч хүүхдүүдийн эрх зүйн хамгааллыг Хүүхэд хамгааллын тухай хууль Үндэсний их баяр наадмын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолоор тус тус хуульчилсан байна.
Тухайлбал уяач нь уралдаанч хүүхдийг MNS 6264:2018 стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас хэрэгслээр хангах үүрэгтэй. Үүнд хурдан морины уяачийн малгай, уралдаанч хүүхдийн ташуур, цулбуур, хамгаалалтын малгай буюу дуулга, хантааз, гутал зэргийг хамгаалалтын бусад хэрэгсэл болох нүдний шил, юүдэн, бээлийг цаг агаарын байдлыг уялдуулан хэрэглэнэ. Мөн уяач нь уралдаанч хүүхдийн Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаан болон морины сунгаа, бэлтгэлийн үеийг хамруулан нэг жилийн хугацаатай ослын даатгалд даатгуулах үүрэг хүлээдэг.[1]Хурдан морины уралдаанд уралдах морийг унах хүүхдийг стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас хэрэглэж байгаа эсэхэд болон хүүхдийг ослын даатгалд даатгуулсан эсэхэд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага, сум, баг, дүүрэг, хорооны Засаг дарга, хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан мөн адил хяналт тавьдаг.[2] Хэрэв энэхүү үүргээ биелүүлээгүй бол Үндэсний баяр наадмын тухайн үндэсний хурдан морины уралдаанаас хасах, тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх зэрэг зохион байгуулах хороо шийдвэр гаргадаг.[3]Харин Уралдаанч хүүхдэд дээрх стандартын шаардлага хангаагүй хэрэгсэл хэрэглүүлсэн бол хурдан морины уяачийг Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаанд нэг жилийн хугацаанд морио бүртгүүлэх, уралдуулахгүй байх саналыг салбар хороо зохион байгуулах хороонд хүргүүлж, мэдээллийн санд оруулж, шийдвэрлэдэг байна.[4]
Мөн уяач нь уралдаанч хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулж, өсөлт, хөгжлийн талаар дүгнэлт гаргуулах, уралдаанч хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нараас бичгээр зөвшөөрөл авч хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, шагналыг тусгасан гэрээг байгуулах үүрэгтэй болно.[5][6]
Хэрэв хурдан морины уралдаан болон бэлтгэлийн үед уралдаанч хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, хурдан морины уралдаанд уралдаанч хүүхдэд болон бусад хүүхдийн аюулгүй байдалд эрсдэлтэй нөхцөлийг үүсгэж, амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахуйц эд зүйл хэрэглүүлсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учирсан хохирлыг нөхөн төлүүлж, уяачийг 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгохоор хуульчилсан байна.[7][8]
Эх сурвалж:
[1] Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 14.7.9
[2] Хүүхэд хамгаалалтын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 27 дугаар зүйлийн 27.7
[3] Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.2
[4] Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2
[5] Хүүхэд хамгаалалтын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 27.5 дугаар зүйлийн 27.5.2
[6] Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 14.7.11
[7] Зөрчлийн тухай хууль 6.20 дугаар зүйлийн 12 дах хэсэг
[8] Зөрчлийн тухай хууль 6.28 дугаар зүйлийн 4 дэх хэсэг
Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээлэл, нийтлэлийг зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг мэргэжлийн өмгөөлөгчөөс авна уу.