Хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцогч талууд болох ажил олгогч ба ажилтанд ээлжийн амралт, түүний үргэлжлэх хугацаа, цалингийн талаар тодорхой ойлголт дутмаг байх тохиолдол олон. Энэхүү нийтлэлээр уншигчдад ээлжийн амралт, түүний үргэлжлэх хугацаа, цалингийн талаарх үндсэн мэдээлэл олгохыг зорьсон.
Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд ажлын жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ.[1] Ажилтан шинэ ажилд ороод 6 сарын хугацаанд ажил эрхэлсэн бол жилд 15 хоногоос доошгүй өдрийн ээлжийн үндсэн амралт эдэлнэ гэж тусгасан байдаг.[2] Үүнээс ажилтанд түүний нийт ажилласан жилийг харгалзан ээлжийн үндсэн амралтын хугацаан дээр дараах нэмэгдэл амралтыг олгоно:[3]
Нийт ажилласан жил | Нэмэгдэх амралтын хугацаа |
6-10 | 3 өдөр |
11-15 | 5 өдөр |
16-20 | 7 өдөр |
21-25 | 9 өдөр |
26-31 | 11 өдөр |
+32 | 14 өдөр |
Нийт ажилласан жилийг анх ажил эрхлэх болсон цагаас тооцогдоно.
Мөн хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний нийт ажилласан хугацааг харгалзан ээлжийн үндсэн амралтын хугацаан дээр дараах нэмэгдэл амралтыг олгодог[4]:
Нийт ажилласан жил | Нэмэгдэх амралтын хугацаа |
6-10 | 5 өдөр |
11-15 | 7 өдөр |
16-20 | 9 өдөр |
21-25 | 12 өдөр |
26-31 | 15 өдөр |
+32 | 18 өдөр
|
Хэвийн бус нөхцөл гэдэг нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагын хүрээнд сөрөг нөлөөллийг нь арилгах боломжгүй, хөдөлмөрийн стандартад нийцээгүй ажлын байрны нөхцөлийг хэвийн бус нөхцөл гэнэ.[5] Жишээлбэл үүнд уурхайчин, цахилгаанчин, гал сөнөөгч, их эмч (халдвар судлалын) зэрэг ажлын байрууд хамаарна.
Харин ээлжийн амралтын цалинг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлснөөс тооцдог.[6] Ингэхдээ үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллын дунджаас тооцно гэсэн үг юм.[7] Харин бүтэн бус цагийн ажилтанд тухайн ажлын жилд нийт ажилласан цагийг нь тооцож, ногдох ээлжийн үндсэн болон нэмэгдэл амралт олгоно.[8]
Эх сурвалж:
[1] Хөдөлмөрийн тухай хуулийн 99.1 дүгээр зүйл
[2] Хөдөлмөрийн тухай хуулийн 99.2, 99.3 дүгээр зүйлүүд
[3] Хөдөлмөрийн тухай хуулийн 99.5 дугаар зүйл
[4] Хөдөлмөрийн тухай хуулийн 99.6 дугаар зүйл
[5] Монгол Улсын стандарт - MNS 5080 : 2001
[6] Хөдөлмөрийн тухай хуулийн 110.1 дугаар зүйл
[7] Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06 -ны өдрийн А/191 дүгээр тушаалын хавсралт “ЭЭЛЖИЙН АМРАЛТ ОЛГОХ, ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН ЦАЛИН ТООЦОХ ЖУРАМ”
[8] Хөдөлмөрийн тухай хуулийн 99.7 дугаар зүйл
Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээлэл, нийтлэлийг зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг мэргэжлийн өмгөөлөгчөөс авна уу.