top of page
Writer's pictureБ. Ардах

Бага үнийн дүнтэй иргэний хэргийг богино хугацаанд шийдвэрлэхээр боллоо


Бага үнийн дүнтэй иргэний хэргийг хурдан шуурхай, хялбар, зардал багатай байдлаар шийдвэрлэх зорилгоор зарим төрлийн хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхээр болсон. [1] Энэхүү тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь 2024 оны 10-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн ба доорх хэргүүдийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ. Үүнд:

Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 13,200,000 төгрөг хүртэлх мөнгөн хөрөнгө гаргуулах шаардлага бүхий гэрээний маргаан болон гэм хорын хохирол гаргуулахтай холбоотой хэрэг. [3]


 Тухайлбал худалдах-худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ, ус, цахилгаан, интернэт, дундын өмчийн, ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал гаргуулах гэх мэт.

Мөн нэхэмжлэлийн үнийн дүнгээс үл хамаарч: [4] 

-       Шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө, эрхийг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдол;

-       Гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах;

-       Ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлага бүхий маргааныг тусгайлсан журмаар шийдвэрлэнэ.


Харин гэр бүл, өв залгамжлалын холбогдолтой аливаа хэргийг ердийн журмаар шийдвэрлэнэ. [5]


Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ач холбогдол нь:

1.   Ердийн журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай харьцуулахад богино хугацаанд хэргийг хянан шийдвэрлэхээр хуульчилсан. Тухайлбал ердийн журмаар иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор шийдвэрлэх [6] бол тусгайлсан журмаар 45 хоногийн дотор хэргийг шийдвэрлэнэ. [7] 

2.   Хэргийн оролцогчид шаардлага, татгалзлаа зөв тодорхойлох, хэргийн үйл баримтыг бүрэн, тодорхой гаргах зорилгоор Улсын дээд шүүхээс нэхэмжлэл, хариу тайлбар хэргийн оролцогчийн эрх, үүргийн тайлбар зэргийг баталсан. [8] [9]

3.   Хариуцагчийн хаяг тодорхой бус, нэхэмжлэгчийн өгсөн тухайн хаягт үйл ажиллагаа явуулдаггүй, оршин суудаггүй тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагаас шүүх тодруулах ажиллагаа явуулахаар болсон. [10]  

4.   Шүүхээс тодруулж ирүүлсэн хаягт оршин суудаггүй бол хэргийг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор хариуцагчид төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн шуудангаар буюу e-mongolia.mn бүртгэлтэй хаягаар нэхэмжлэлийг илгээнэ. [11]  

5.   Хариуцагч мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас зайлсхийх, нэхэмжлэлийн хувийг гардан авахаас зугтах зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилгоор цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш 7 хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцохоор тусгасан байна. [12] 


Мөн 2025 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхээс нэхэмжлэл гардаж авахыг сануулсан мэдэгдэх хуудсыг үндэсний цахим шуудангаар илгээхээр хуульчилсан байна. Түүнчлэн, 2025 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн Шүүх байгуулах тухай хуулийн дагуу дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх байгуулагдаж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх иргэний хэргийг дагнан шийдвэрлэхээр боллоо.       


Эх сурвалж:

[1]Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл

[2]Шүүх байгуулах тухай хуулийн 3.1

[3]  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 .1

[4] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 .2

[5] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 .5

[6] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 .1

[7] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 .2

[8] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл

[9] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753.3

[10] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754.1

[11] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754.2

[12] Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754.4

 

Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээлэл, нийтлэлийг зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг мэргэжлийн өмгөөлөгчөөс авна уу.

 

 

 

 

 

 

 

bottom of page